2011-02-17
шинэ мэдээ
Цагдаагийн дарга нарын хэргийг сэргээж шалгах тухай зааврыг өнгөрсөн намар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд өгсөн. Энэ дагуу ажиллагаа хийгдээд удаж байгаа ч нийтэд мэдээлэгдсэн зүйл бага билээ. Ерөнхийдөө “Энэ хэрэг өмнөх шигээ л замхрах юм байна” гэсэн сэтгэл зүйг нийгэмд төрүүлээд байлаа. Гэвч хамгийн сүүлд авагдсан мэдээллээр цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн зүйл ангийг өөрчилж, ямар ч байсан хариуцлага хүлээлгэх тал руу явж байгаа бололтой.

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаагийнхан тушаалгүйгээр буудаж, таван  хүний амь хөнөөсөн хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг буруутган шалгаж, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2 буюу ”Төрийн албан хаагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан” гэх зүйл ангиар анх ял төлөвлөсөн. Гэвч мөрдөн байцаалтын явцад энэ хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон билээ. Үүгээр хэрэг хаагдаж, цагдаа нарт буудах тушаал өгсөн гэм буруутныг ч тогтоолгүй өнгөрсөн юм. Галт зэвсэг хэрэглэсэн гэх цагдаа нар ч мөн хариуцлага хүлээлгүй, алба хааж байсан салбар нэгжийг нь солисноор хэрэг шувтарсан билээ.

Харин шинээр томилогдсон Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав цагдаагийн удирдлагуудтай холбоотой хэргийг дахин сэргээж, шалгаж байсан зүйл ангийг нь өөрчлөн, Өршөөлийн хуульд хамрагдахгүй шинэ зүйл ангиар шалгах чиглэлийг прокурорын мөрдөн байцаах албаныханд өгсөн талаар бид тухайн цагт нь мэдээлж байсан. Харин одоо энэ дагуу ажиллагаа хийгдэж, Ч.Амарболд, Д.Зоригт, Ш.Батсүх нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Цэргийн албан тушаалын гэмт хэрэг” гэдэг хэсэгт хамруулан “Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн зүйл ангиар яллаж байгаа юм байна. Цагдаагийн дарга нарыг шалгаж байсан өмнөх зүйл анги буюу ”Төрийн албан хаагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт таван жил хүртэл хорих, албан тушаал хаших эрхийг нь таван жилийн хугацаанд хасах ялтай байсан бол одоо яллаж байгаа зүйл анги нь 5-108 жилийн хорих ялтай аж.

Тодруулбал, “албан тушаалаа урвуулах” гэдэгт хууль дүрмээр олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа цэргийн албаны ашиг сонирхолд хортойгоор ашиглаж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, “эрх мэдлээ хэтрүүлэх” гэдэгт хуулиар олгогдоогүй, эсвэл дээд шатны даргынхаа эрхийг дур мэдэн эдэлсэн, хамтын шийдвэр гаргах асуудлыг ганцаараа дур мэдэн шийдвэрлэсэн байхыг хэлнэ хэмээн хуульд тайлбарласан байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, генерал Ч.Амарболд тухайн үед “Буудах тушаалыг би өгөх ёстой. Тушаал өгөөгүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Гэвч одоо яллаж байгаа зүйл ангиар бол гал нээх тушаал өгсөн ч бай, өгөөгүй ч бай эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Цагдаа нар байлдааны сум хэрэглэж хүний амь хөнөөхийг харсаар байж зогсоогоогүй “эс үйлдлийн” гэмт хэрэгт нь ч хариуцлага тооцохоор болж байгаа юм.

Хамгийн гол нь тэд өмнө нь өгч байсан мэдүүлгүүдээсээ буцаж, шинээр мэдүүлэг өгч эхэлсэн гэх мэдээ бий. Таван хүний амьтай холбоотой хэрэг ийнхүү цагдаагийн удирдлагууд руу өөрсөд рүү нь чиглээд ирэхээр дараагийн холбогдогч нь магадгүй тухайн үед онц байдлын ажлын хэсэгт орж байсан улс төрийн албан тушаалтнууд ч болж мэднэ. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан нөхдүүдээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил лав “Би тушаал өгөөгүй” гэж хамгийн түрүүнд хэлсэн. Харин ҮАБЗ-ийн нэгэн гишүүн “Буудах тушаалаа өгөөдөх” хэмээн хэдэнтээ шахсан нь ҮАБЗ-ийн протоколд тэмдэглэгдээд үлдчихсэн гэж байгаа. Магадгүй шинэ холбогдогч тэндээс ч гарч ирэх юм билүү, хэн мэдлээ.
Бичсэн: bayraa | цаг: 16:38 | NEWS
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax